мөртлөө? мөртөө?

2013 оны 01 сарын 18

 

Толь бичгүүдээс үзвэл “мөртөө” // хэмээх үг нь 1. чигээрээ, мөрөөрөө, зөнгөөрөө, мөрөө хөөсөн; 2. зам гудас, далимдаа, 3. өсөд ондоо, өөр гэсэн хэд хэдэн утгатай ажээ.

Монгол хэлэнд нэг юм, үзэгдэлд хамаатай хоёр ба түүнээс дээш үйл хөдлөл, шинж чанарыг эсрэгцүүлэн онцолж дурдахад “байтал, байтлаа, атал, атлаа, хирнээ” гэх мэтийн үгийг холбоосын үүргээр хэрэглэдэг. Жишээлбэл, “Ургасан байтлаа тарьсан юм шиг”, “ Төрсөн байтлаа зурсан юм шиг” гэх мэт. Тэгвэл, “мөртөө” гэдэг үгэнд мөн ийм утга үүрэг бий. Жишээнд буй “байтлаа” гэдэг үгийг “атлаа”, “мөртөө” зэрэг үгээр солин найруулахад утга нь төдийлөн гажихгүй байна.

Гэвч, хэвлэл нийтлэлд “мөртөө” гэхийг “мөртлөө” хэмээн буруу бичих болоод уджээ. Үүнд, “мөртлөө” гэж бичээд ирсэн хүмүүсийг буруутгах хэрэггүй. Харин залруулан зөв бичлэгийг нь таниулалгүй явж ирсэн хэлний мэргэжилтнүүд буруутай юм. Тэр ч байтугай, зарим толь бичигт хүртэл “мөртлөө” гэсэн бичлэгийг оруулж “баталгаажуулсан” байх юм. Чухамдаа монгол хэлэнд “мөртлөө” гэсэн үг ерөөс байгаагүй, байж ч таарахгүй. Үүнийг зөвхөн “л” үсэг илүүдсэн төдий жижиг асуудал юм байна хэмээн хайхрамжгүй хандаж болохгүй.

Ингэж ташаа бичих болсны учир нь энгийн ярианд “мөртөө” гэдэг үгийг ойролцоо утга үүрэг бүхий “байтлаа, атлаа” гэдэг үгсийнх нь адил “-тлөө” гэсэн ижил төгсгөлтэй байх ёстой мэт санаандгүй адилсуулан хэлчихдэгээс болжээ. Эхний үгсийг утгат хэсгээр нь задалбал, бай-тал-аа, а-тал-аа болно. Хоёр дахь үгийн “а-” гэсэн үндэс нь эхний бай- гэдэгтэйгээ  адил утгатай үйл үг. Араас нь залгасан “-тал,-тэл,-тол,-төл” нөхцөлийг үзтэл, хартал, өгтөл, бодтол гэх мэтээр зөвхөн үйл үгэнд залгадаг. Гэтэл “мөр” гэдэг нэр үгэнд “-төл-өө” гэж залгасан юм шиг бичих нь илэрхий гажуудал юм. Жаахан цаашлуулбал, мөр гэдэг нэр үгэнд –жээ, -в, -мөгц, -хлөөр, -нгүүт зэрэг үйл үгийн нөхцөлийг залгаж мөржээ, мөрөв, мөрмөгц, мөрөхлөөр, мөрөнгүүт хэмээсэн мэт доог болохуйц хэрэг буюу.

Аль ч хэлний нэр ба үйл үгэнд залгах нөхцөл бүр нь байр, утга, үүргийн хувьд харилцан ялгавартай бөгөөд хэзээ ч хутгалддаггүй. Нэр үгийг үйл үгтэй хольж хутгадаг бүдүүлэг алдаа манайхаас өөр газар лав байхгүй биз ээ. Иймд, хар ярианы элдэв тохиол дахь адилтгалаар бий болсон хэлний тогтолцоот бус үзэгдэл, цэгц журамгүй зүйлийг бичиг зохиолын хэлэнд нэвтрүүлэх учиргүйг санууштай. Та “...мөртлөө,...” хэмээн бүү бичээрэй.

Хэлбичгийн ухааны доктор М. Баярсайхан

Уншигдсан: 14671   |   Буцах