Орчлон хэмээх үгийн тухай

2013 оны 01 сарын 07

 

Энд өгүүлж буй "Орчлон" хэмээх үг нь "шимийн ертөнц" буюу "шимийн амьтан"-тай холбоотой үг ухагдахуун юм. Бурханы сургаал номлол ёсоор шимийн амьтан нь "тэнгэр, асури, хүн, адгуус, бирид, там" хэмээсэн зургаан зүйл буй. Үйлийн үрээр, энэ зургаан төрөлд дахин дахин төрж, зовлонгийн шалтгаанаас ангижирч чадалгүй, нисваанисын эрхэнд автаж, эцэс төгсгөлгүй эргэлдэх төрх байдлыг "орчлон" хэмээдэг. Судар номд "орчлонгоос гэтлэх" хэмээсэн тогтсон үг хэллэг буй. Энэ нь орчиж эргэлдэх зовлонт төрлийг хэзээ ч үл аван, төгс амгалангийн оронд ажрахыг өгүүлж байгаа юм. Монгол бичгийн эртний дурсгалын нэгэн "Махагалын магтаал"-д

"... Хутагтай чиний эрдмийг

      Холбон магтсан буянаар

      Хотол амьтан тонилж

      Хоосон болтугай, энэ орчихуй" хэмээжээ.

                Хотол амьтан орчлонгоос гэтэлчихвэл, "орчихуй" хэмээх үгүй болох нь магад буй за. Гэвч орчлонгийн үйл, нисваанис барагдахгүй юм даа. Барагдахгүйн шалтгааныг Турфанаас олдсон нэгэн дурсгалд "... таалж (дурлаж) үйлдсэн нүгэл хилэнц, тасралгүй орчихын шалтгаан буй" хэмээжээ.

                "Орчлон" хэмэээх үгийг санскрит хэлээр "самсара (сансар), төвд хэлээр "хорвоо" хэмээдэг. Энэ хоёр үг санскрит, төвд хэлэндээ мөн л "эргэлдэх, орчих" хэмээсэн утгатай ажээ. Монгол хэлэнд орсон харь үгийг онож тохирсон монгол үгтэй нь хоршин хэлдэг зүй тогтлоор "орчлон хорвоо, "сансар орчлон" гэх мэтээр хэлж бичдэг. Харин 1960-аад оны үес хүн анх огторгуйд нисэхэд, "космос" хэмээх үгийг "сансар" хэмээн оноочихсон нь өнөө буруу хэвшчихжээ.

                "Орчлон" хэмээх үгийн язгуур нь "орч-" (орчих) бөгөөд эртнээс эдүгээ хүртэл идэвхтэй хэрэглэгдэж байгаа монгол үг болно. "Монголын Нууц Товчоон" тэргүүтэй сонгодог монгол бичгийн өмнөх үе болоод сонгодог монгол бичгийн хэлний дурсгалд энэ үг түгээмэл тохиолддог бөгөөд утга нь "тойрох, эргэх"-тэй ойролцоо боловч нарийн ялгамж ажиглагддаг. "Тойрох" хэмээвээс "хүрээлэх"-тэй адил утгатай агаад үргэлжийн хөдөлгөөнд орших эсэх нь тод бус юм. Харин "орчих" хэмээвээс орон зай, цаг хугацааны дотор үл тасрах хөдөлгөөнд оршихыг тухайлан заадаг. Үүнийг лавшруулан ухахын тулд "Хорин наймт тайлбар толь"-д үзвээс, "Байгаль ертөнцийн орон цаг ба хамаг юм нь таван махбодын чанар хийгээд шүтэн барилдсан арван хоёр гишүүний эрхээр болж, агшин зуур урван хөрвөн хорогдон эвдэрсээр боловч орд (оронд) ор дараалан бүтэж ирэхүй нь эргэн тойрон улирч (хувьсч), үүрд мохох зогсохын эцэсгүйн тулд тийнхүү орчлон хэмээмүй" хэмээн бичсэнийг эргэцүүлбээс тодорхой болох буй заа.

                "Орчлон" хэмээх үгийн бүтцийг авч үзвэл, "орч+лон" болно. Монгол хэлэнд, үйл үгийн үндсэнд "-лан4" дагавар залгаж, тухайн үйлийн үр дүнд буй болсон юм, үйлийн явц, тухайн үйлийн болох орон зэргийг заасан нэр үг үүсдэг.

Жишээ нь: жарга+лан, хүс+лэн, зов+лон, зус+лан гэх мэт. Ийн үзвэл, байнга орчиж эргэлдэх үйлийн үр дүн ч орчлон, орчихуй үйл үйлдэгдэх орон ч орчлон ажээ. Нэгэн зүйлийг тэмдэглэхэд, орчлон хэмээх үгийг дэлхий, ертөнц хэмээх үгтэй ойролцоо утгатай мэтээр ухаарах нь буруу болно. Төгсгөлд V Жавзандамба хутагтын зохиосон "Орчлонгийн сав шимийн дуулал"-аас эш татая.

Эвдэрч үл дуусах сав ертөнц

Энэлж үл дуусах шимийн амьтан

Эргэж үл дуусах гаслант орчлон

Эндүүрч үл дуусах мунхаг сэтгэл ээ".

 

МУИС-ийн профессор Ш.Чоймаа

 

Уншигдсан: 12985   |   Буцах