Сонин хачин юу байна?

2012 оны 11 сарын 20

 

Захидал бичиг, энгийн харилцаанд өргөн хэрэглэдэг энэ мэндийн үгийг мэдэхгүй  хүн үгүй. Эл үг сониучирхсан санааг илтгэдэг бол “ Сонин сайхан юу байна? ” гэсэн мэндийн үг сайны бэлгэдлийг давхар агуулжээ.  Харин хар ярианд товчлоод “Юу байна? ” гэлцэх болсныг нийтийн хэлний боловсролын төлөө санаа тавигчид нэг бус удаа дуртган шүүмжилсэн билээ. Үнэхээр, товч хэлэх шаардлагатай байгаа бол үгүйдээ “ Сонин сайхан? ” гээд асуух аялгаар хэлчихвэл хавьгүй дээр биз ээ. Гэвч, энэ удаа шүүн хэлэлцүүлэх бус, харин уншигч нартаа “сонин хачин” хэмээх хоршоо үгийн түүхээс товч сонордуулахыг зорилоо.

Эдүгээгээс хоёр гурван зуун жилийн тэртээ монгол хэлэнд ийм хоршоо үг байсан  гэх баримт үгүй. Угтаа “хачин” хэмээх нь манж хэлний үг юм. 18-19 дүгээр зууны үеийн манж, монгол захидал бичгийн уламжлалд захидлын төгсгөл хэсэгт манжаар “гува сонин хачин аку”, монголчилбол “өөр сонин зүйлгүй” хэмээх тогтсон үгийг хэрэглэж байжээ. Одоо ч манайхан захидалдаа тэрчлэн бичсэн хэвээр. Манж хэлний “сонин хачин” буюу монголоор “сонин зүйл” гэсэн холбоо үгийг Өвөрлөгчдөөс эхлэн уг хэвээр нь хэрэглэх болж, улмаар монгол ярианы хэлэнд нэгэн шинэ ойролцоо хоршоо үг бий болоход хүргэжээ. Үүнд сонин, хачин хэмээх хоёр үгийн үеийн бүтэц, үгийн төгсгөлийн ижил нийтлэг байдал түлхэц болсон байна. Ерөөс догол мөр, өгүүлбэр, хоршоо, холбоо үгийг харилцан тэгш хэмнэлтэй, эн зэрэгцүүлж хэлдэг нь монгол хэлний найруулгын нэгэн онцлог юм. Монгол хэлэнд үгийг давтах юм уу, дуурайн хоршихоос гадна нэг бол эсрэг утгат, нэг бол ойролцоо утгат үгийг хоршин хэлдэг. “Сонин хачин” гэдэг  холбоо үг нь үе, авианы бүтцийн ойр төсийн улмаас аажмаар монгол хоршоо үг мэт хэвшихдээ “хачин” хэмээх манж үгийг “ер бус, этгээд, өвөрмөц” гэдэг утгаар сэтгэх монгол үг  болгон хувиргажээ. Түүгээр үл барам, шинэ монгол үг маань “сонин” хэмээх хэлбэр утга ойролцоо үгийнхээ адилтгалаар үг бүтээх ба үг хувилгах үндэс болон хэрэглэгдэх болов. Тухайлбал, сонирхолтой- хачирхалтай, сонирхох- хачирхах гэх мэт. Монгол хэлний “сонин” гэдэг үг нь сонь, содон, сонор, соохолзох, сортойх зэрэг үгтэй үндэс язгуур нэгтэй, гарцаагүй монгол үг болох нь тодорхой. Гэтэл “хачин” гэдэгтэй гарал нэгсэх оор монгол үг үл олдохоос гадна, “Монголын нууц товчоо”, “Хураангуй Алтан товч”, “Эрдэнийн товч”, “Чакраварти Алтан хааны тууж” болон бусад 18 дугаар зуунаас урагших монгол хэлний дурсгалуудад энэ үг тохиолдохгүй байна.

Үзэх тусам үгийн түүх, утгад “сонин хачин” цөөнгүй ажгуу.

Хэлшинжлэлийн ухааны доктор М. Баярсайхан

Уншигдсан: 8331   |   Буцах