Хэрүүлийн алим - Охин компани - Загалмайлсан эцэг

2012 оны 11 сарын 05

 

 

Хэл гэдэг бол тухайн нийгмийн гишүүдийн харилцааны хэрэглүүр болохоос гадна тухайн ард түмний сэтгэхүй, ахуй ёс, түүх уламжлалыг илтгэдэг. Улс төр, эдийн засгийн харилцаа холбоо өргөжихийн хирээр аливаа хэлэнд харь хэлнээс янз бүрийн үг хэллэг, нэр томьёо, үндэстний сэтгэлгээний онцлогийг тусгасан хэлц үг ордог ч тэр бүхнийг шууд тухайн хэлнийх нь үгээр авч, эсвээс үгчилж орчуулаад байвал монгол хэл, монгол сэтгэхүйд хожим засаж үл болох, харамсаж барахгүй байдал үүсэх нь тодорхой. 

Өнөөдөр нэлээдгүй хэрэглэх болсон "хэрүүлийн алим", "охин компани", "загалмайлсан эцэг" гэсэн европ зүгийн хэлц үгийн гарал, утгыг товч тайлбарлая.

 

Эртний грекийн домогт өгүүлснээр, хэрүүлийн бурхан Эрида цугласан олон зочдын дунд "хамгийн үзэсгэлэнтэй" гэсэн бичиг бүхий алтан алим хаяжээ. Гера, Афина, Афродита бурхад хэн нь илүү гоо үзэсгэлэн төгссөн болохоо батлах гэж хоорондоо маргалдаж, хэрүүл цуугиан үүсгэсэн гэдэг. Үүнээс хойш хүмүүсийг хэрэлдэн тэмцэхэд хүргэхийг "хэрүүлийн алим" гэсэн хэлц үгээр хэлдэг болжээ. Харин монголчууд  "яс хаях" зэрэг хэлцээр ийм санааг илэрхийлдэг.

 

"Хүү компани" гэлгүй "охин компани" гэдэг. Анхлан үүсгэн байгуулж, үйл ажиллагааний эхлэл болсон компанийг "материнская компания" буюу "эх компани" гэж, харин түүнээс салбарлан гарч буйг нь "охин компани" гэсэн нь эм үүтгэл өсөн үржихийн бэлгэдлийг бодолцсон хэрэг аж.

 

"Загалмайлсан эцэг" гэсэн хэллэг европ зүгийн шүтлэг бишрэлээс үүдэн бий болжээ. Загалмайтны ёсонд ойр дотныхоо хүний үр хүүхдийг угаал үйлдэх ёслолд оролцож, хүүхдэд нь нэг ёсны хоёр дахь эцэг нь болж буй хүнийг ийн нэрлэдэг. Тиймээс ч "загалмайлсан эцэг" нь эцгийн оронд эцэг болж, эцгийн ёсоор засаж залж явах үүрэгтэй болдог.

 

Энэ мэт үг хэллэгийн цаад гүндээ агуулж буй утга агуулга, тухайн улс үндэстнийх нь сэтгэлгээний онцлогийг танин мэдэх нь ямар хэрэг тустайг уншигч бээр юун андах.

 

Хэлшинжлэлийн ухааны доктор Б. Даваасүрэн

 

Уншигдсан: 7277   |   Буцах