"Төгс" хэмээх үгийн утга

2012 оны 11 сарын 05

Номын цагаан мөрд нэгэн сэтгэлээр хичээн, нэвтэрхий суралцсаныг “оюун төгс, эрдэм төгс, билиг төгс, ухаан төгс”; шашны ариун мөрд үнэн сэтгэлээр зүтгэж, нүглийг тэвчсэнийг “ялж төгс нөгчсөн (Бурхан багшийн алдрын нэг), төгс буянт, сүжиг төгс”; төөрөг тавилан эгэлгүйг “заяа төгс, төгс хувьтан”; эрхэм суртал, сайн шинж бүрдсэнийг “бэлгэс үлгэр төгссөн, сэтгэл төгс, сүр сүлд төгс”; ид чадал тэгширснийг “баатар хүчнээ төгс”; олноос хэтийдсэн чадамгайг “авьяас төгс”, гоо үзэсгэлэн шалгарсныг “өнгө гэрэл төгс” хэмээн өргөж, хамгийн дээд үнэнийг “төгс үнэн” хэмээмүй. Үйл хэргийг бүрэн дүүрэн гүйцэтгэснээр “төгс болгоно, төгсгөнө”.

 

Мөн “төгс” гэсэн үг нь “ихэр” хэмээх бас нэгэн утгатай. Хураангуй алтан товч, Лувсанданзаны алтан товч, Саган Сэцэний Эрдэнийн товч, Шар тууж зэрэг монголын олонх түүхэн сурвалжид, Хорчины Өнөболд ван “галыг чинь цахиж нутгийг чинь зааж өгсү” хэмээсний хариуд Сайн Мандухай сэцэн хатан Эш хатны онгоны өмнө тангараг өргөж, үрийн хутаг гуйн, алтан ургийн Батмөнх даян хааныг ширээнд залсны хойно, долоон нуган үр (хүү) заяаж, түүнээс Төрболд, Улсболд хоёр төгс, Арсуболд, Барсуболд хоёр төгс, Очирболд, Алчуболд хоёр төгс үзэгдэж, тэдний хойно Албуур үзэгдсэн тухай өгүүлснийг үүнд жишээ татаж болно.

 

Монголчууд аливаад хэлбэрүү хазгайгүй, хэм тэгш байхыг эрхэмлэн үздэг ард түмэн. Тэртээ XIII-XIV зуунд харь олон улсыг төрийн жолоонд нэгтгэн захирсны хүч бодлого нь энэ л үзэл байсан билээ. Тиймээс ч тэнгэр эцгийн ивээл доор, газар эхийн хэвлий дээр хос баганаар өргөө гэрээ тулж, хос уянгаар бичсэн ерөөл бэлгийн үгээр эдийг чимэн, өрх үүсгэн сум сунгасан хоёрыг “хос холбоо”, тэгш тоот сар (хоёр, дөрөв, зургаа, найм, арав, арван хоёрдугаар сар)-ыг “төгс сар”, төрүүлсэн эцэг эхийг “төгс ураг”, төрсөн ихэр хүүхдийг “төгс” хэмээн нэрийддэг ажээ.

Э. Мөнх-Учрал

Уншигдсан: 12222   |   Буцах